• Home
  • Мэдээ мэдээлэл
  • ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ИЖ БҮРЭН ГЭРЭЭНД ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Мэдээ мэдээлэл

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ИЖ БҮРЭН ГЭРЭЭНД ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллын иж бүрэн түншлэл байгуулах түүхэн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү түншлэлийн гэрээ нь Монгол улсад хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, Прокурорын байгууллага төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх юм.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурснаар, Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газраас (ХХГХТГ) таван сая ам. доллар буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгийг АНУ-н гадаадын тусламж хэлбэрээр төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагуудад Монгол улсын төрийн байгуулага хоорондын хүний наймаатай тэмцэх ажлыг ахалж ажилладаг Хүний наймаатай тэмцэх ажлыг зохицуулах үндэсний дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах зорилгоор  олгох юм. Түншлэлийн зорилтуудад байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, Монгол улсын хэмжээнд хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан, албадан хөдөлмөрлүүлсэн этгээдүүдийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг сайжруулах, Монгол улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын хүүхдийн наймааны хохирогчдод чиглэсэн мэдээлэлд суурилсан сэтгэцийн иж бүрэн эмчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх, олон нийтэд чиглэсэн хүүхэд хүний наймаанд өртөх эрсдэл, шинж тэмдгүүдийг ойлгож таних болон хүний наймааны бүх хэлбэрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, 1987 онд АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Энэ хугацаанд манай хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэн. АНУ-аас Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ үзүүлсээр ирсэн. Өнөөдөр бид хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллах иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. АНУ-ын засгийн газар, ЭСЯ болон холбогдох байгууллагуудад талархал илэрхийлье” гэлээ.

Энэхүү түншлэлийг Монгол Улсын төрийн холбогдох байгууллагууд болон АНУ-ын ЭСЯ, хүний наймаатай тэмцэх дэлхий даяарх үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг АНУ-ын Төрийн департментийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөлөгчид олон сарын хугацаанд үргэлжилсэн өндөр түвшний хэлэлцүүлгийн үр дүнд байгуулж байна гэж онцлон тэмдэглээд, “Миний хувьд АНУ-г төлөөлж энэхүү түүхэн Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурах нь нэр төрийн хэрэг юм” хэмээв.

Манай улсын хувьд хүүхдүүд морь уралдах, мал аж ахуй эрхлэх зэрэг эдийн засгийн албан бус секторт албадан хөдөлмөр эрхлэх нь элбэг. Гэртээ үлдсэн хүүхдүүд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх тохиолдол ч их байдаг. Уг гэрээнд гарын үсэг зурснаар 5 сая ам.доллар буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгийг АНУ-ын гадаадын тусламж хэлбэрээр ТББ болон олон улсын байгууллагуудад олгох юм.

Гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон Улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Америкийн нэгдсэн Улсын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга хатагтай Адреай Гүүдман, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Роберт Ж.Тэйт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Гадаад харилцааны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Анар нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Related posts

Худалдаа хөгжлийн банкны ажилчдад мэдээлэл хийлээ

Amaraa Chuluun

“ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Bayanduuren b

“Хуулиа Дээдэлье” ерөнхий арга хэмжээний албан ёсны нээлтийн арга хэмжээ боллоо.

admin admin

Leave a Comment