Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн 2017 онд Монгол Улсад хийсэн айлчлалын тайлангийн төслийг хэлэлцэв

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэшил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн хурлыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Хурлаар, Хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, мөн уг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар Эрүүгийн цагдаагийн алба болон Прокурорын сургалт судалгааны төвөөс мэдээлэл хийж, хэлэлцүүлэв.

Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцууллаа.

Хурлаас хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр  тусгай төлөөлөгчийн өгсөн  5 чиглэлд 33 зүйл бүхий Зөвлөмжийг анхаарч, хэрэгжүүлэх ажлыг чиг үүргийн байгууллагууд зохион байгуулахаар боллоо.