“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурал зохион байгууллаа.

Тус онол практикийн хурлаар улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулсан шилдэг илтгэл шалгаруулах уралдааны төгсгөлийн шатанд шалгарсан шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг, практикт хэрэгжих хууль сахиулах үйл ажиллагаанд дэвшилт гаргаж чадахуйц 12 бүтээлийг хэлэлцүүлж шалгаруулав.

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” шилдэг илтгэлийн уралдааныг хангайн, говийн, баруун болон зүүн бүсийн аймгуудыг бүсчилсэн байдлаар хуваан зохион байгуулахад нийт 109 илтгэл хэлэлцэгдсэний 62 нь хоёрдугаар шатанд үлдэн, тэдгээрийг ХСИС-ийн “Инновацийн төв”-ийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүн шүүж 12 илтгэлийг өнөөдөр хэлэлцсэнээс:

  • Нэгдүгээр байранд: Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдын “CompStat-хяналтын цогц системийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нь”;
  • Хоёрдугаар байранд: ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзааны “Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх нь”;
  • Гуравдугаар байранд: ШУТИС-ийн МехТИС-ийн тээврийн салбарын профессор доктор /Ph.D/ Б.Эрдэнэбатын “Нисэх төхөөрөмжийг урьдчилан сэргийлэхэд ашиглах” сэдэвт илтгэл тус тус шилдгээр шалгарлаа.

Онол практикийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал оролцсон бөгөөд ХЗДХЯ, ГХУСАЗЗ, ХСИС, ЦЕГ-ын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтсийн төлөөллүүд шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан юм.