Монгол улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал

Монгол улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-нд Хуульчдын танхимд болж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр ХСИС-иас 2016-2018 онд хэрэгжүүлж буй “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд Үндэсний статистикийн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тагнуулын ерөнхий газар, Монголын криминологичдын холбоо, Монголын хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан, төлөөлөл, хууль зүйн их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, профессор зэрэг 100 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

Тус хурлаар гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудлын онол, практикийн талаарх 20 илтгэл эмхтгэгдэн нийтийн хүртээл болсон ба үүнээс 8 илтгэл хэлэлцүүлж зөвлөмжийг гаргах юм.