Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо хуралдлаа

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар тогтоолоор баталж, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулсан. Энэхүү үндэсний хороо өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа Төрийн ордонд хийлээ.

Үндэсний хорооны даргаар ХЗДХ-ийн сайд, орлогч даргаар Эрүүл мэндийн дэд сайд, гишүүдэд нь БОАЖ-ын дэд сайд, БСШУС-ын дэд сайд, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, ХХЕГ-ын удирдлагууд болон ГХЯ-ны Консулын газрын захирал, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга, ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга, Малын эмийн салбар зөвлөлийн дарга, Сэтгэцийн эмгэг, наркологийн төвийн захирал зэрэг албаныхан багтдаг юм.

Үндэсний хорооны хуралдааныг нээж, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэхдээ “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уг бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг оновчтой болгох,чиг үүрэг бүхий байгууллагын үүргийн давхардалыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах чиглэлд анхаарч ажиллана.
Мөн иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, тэдгээрийг арилгах арга замыг оновчтой тодорхойлж, чиг үүрэг бүхий хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр зорилт тавьсан” гэлээ.

Дараа нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалт сэдвээр Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Амаржаргал, Монгол Улсын хэмжээнд хар тамхи,мансууруулах бодисын эргэлтэнд тавих хяналт, өнөөгийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Шүүхийн шинжилгээний байгууллагад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист хийж байгаа шинжилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн Ц.Гантулга, Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал сэдвээр ГЕГ-ын мэргэжилтэн Л.Сүхбаатар нар танилцуулга хийсэн юм.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо бүртгэлээр сүүлийн арван жилд /2006-2016 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192-196 дугаар зүйлд заасан /мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх/ гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан бөгөөд дээрх бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсан, уг гэмт хэрэг зохион байгуулалттай үйлдэх болжээ.
Иймээс мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих ажлыг чангатгах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, дээрх бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг өөрчилж, боловсронгуй болгох зорилгоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан юм.

Уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ түүнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон этгээдийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болж, төрийн бодлого цогц байдлаар, уялдаа холбоотой хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны хуралдаанаас зөвлөмж гаргалаа.