Хар тамхи

Хар тамхи

Манай улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглэгчийн тоо жил ирэх тутам нэмэгдэж, тэр дундаа байнга хэрэглэгчдийн давхарга бий болсон, хууль бус эргэлт, нийлүүлэлт өссөн, тэдгээр бодисын төрөл, зүйл олширсон, үүнтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн, хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт олноор холбогдох болсон, гэмт хэргийн сүлжээнээс гэмт бүлэг, бүлэглэл үүсэх нөхцөл хэдийн бүрджээ.
Монгол Улс нь Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн конвенцид 2008 онд тус тус нэгдэн орсноор олон улсын өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2000 онд Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг үндэсний хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байсан ч уг хөтөлбөр 2005 онд дууссан, үүнээс хойш тодорхой бодлого, хөтөлбөр гарган хэрэгжүүлээгүй байна.
Одоогоор манай улс 2002 онд батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-аар энэ харилцааг зохицуулж байгаа бөгөөд энэ төрлийн хууль бус эргэлттэй холбогдсон зарим асуудлыг гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хуулийн 188, 192-196 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцож байна. Энэ нь хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх, боловсруулах, зарж борлуулах, тээвэрлэхтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, өсөлт, эдгээр бодисын хууль бус хэрэглээ ихсэж буй өнөөгийн байдалд эрх зүйн зохицуулалт шаардлага хангахгүй байна гэж үзэж болно. 2002 онд батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-аар зөвхөн эдгээр бодисын хууль ёсны эргэлтийн асуудлыг зохицуулаад орхисон бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих механизмыг тодорхой болгоогүйгээс холбогдох төрийн байгууллагууд тус тусын чиг үүргийн дагуу уг асуудалд ханддаг, байгууллага хоорондын уялдаа холбоо байхгүй, төрийн бодлого цогц байдлаар хэрэгжихгүй байна.
Манай улсын хөрш ОХУ-д опиум, амфетамины тархалт ихтэй, нийт 6 сая гаруй хэрэглэгчтэй, БНХАУ опиумын тархалт ихтэй, нийт 50 сая гаруй хэрэглэгчтэй, героин, кетамин, экстазийн худалдаа үлэмж их, метамфетамин болон каннабисын хэрэглээ өндөр, тархалт өргөн, амфетамины төрлийн сэргээгчийн үйлдвэрлэл нэмэгдсэн талаар НҮБ-ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх албаны тайланд дурдсанаас үзэхэд манай улсад энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх бодит аюул учруулж байна.
Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт манай улсад хил залгаа БНХАУ, ОХУ болон зүүн өмнөд Азийн улс орнуудаас кокайн, героин, синтетик бодисуудыг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, зарж борлуулах, дамжин өнгөрүүлэх, нөгөө нь манай орны нутаг дэвсгэрт 9 төрлийн мансууруулах бодис агуулсан ургамал их хэмжээгээр ургаж байгаа нь /14 аймгийн 15,000 га газарт/ залуучууд түүж боловсруулж хэрэглэх таатай нөхцөл болж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын нийлүүлэлтийн гол эх сурвалж болж байна. Сүүлийн жилүүдэд мансууруулах үйлчилгээтэй ургамлын устгал хийгдээгүй нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт, хэрэглэгчдийн тоо өсөхөд нөлөөлсөн гэж үзэж болно.
Зөвхөн 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд цагдаагийн байгууллага мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой 216 үйлдэл бүхий 182 хүнд холбогдох 78 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Одоо цагдаагийн байгууллагад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой 28 гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. /ЦЕГ-ын мэдээнээс/

Related posts

Уриалга

Anun Chinbat

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Талархал хүлээн авлаа

Amaraa Chuluun

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭН СУРГАЖ БАЙНА

Bayanduuren b

Leave a Comment