Шинэ сургалтын хөтөлбөр, гарын авлага хэвлэгдэн гарлаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны сургалтын сургалтын хөтөлбөр, гарын авлага хэвлэгдэн гарлаа

 Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) нь АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Олон улсын мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн Товчооны санхүүжилттэй “Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг 2016-2017 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн Яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Монголын Хуульчдын Холбоо, Хууль зүйн туслалцааны төв, Тахарын ерөнхий газар (хуучнаар) зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нягт хамтран ажилласан юм.

Төслийн гол зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын сургагч-багш бэлтгэж, нийт алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх зөв хандлагыг төлөвшүүлж, байгууллагуудын уялдаа холбоог хангахад оршино.

Төслийн явцад 30 гаруй сургагч-багш  болон энэ чиглэлээр мэргэшсэн экспертүүд хамтран салбар хоорондын зохицуулалтыг тусгасан Сургалтын хөтөлбөр, Гарын авлагыг алба хаагчдын хэрэгцээнд зориулж бэлтгэн хэвлүүллээ.

Уг гарын авлага, сургалтын хөтөлбөрийн дагуу насанд хүрэгчдийн онцлогт тохируулсан, IDLO-ийн сургалтын аргачлалд үндэслэсэн мэргэжлийн сургалтыг Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 470 гаруй хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөл, алба хаагчдад зохион байгуулсан.

Төслийн дараагийн шатанд 21 аймгийн хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагчдад чадавхи дээшлүүлэх сургалт зохион байгуулах, олон нийт болон хохирогчдод хандсан бусад ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.