Шторкны уралдаан зарлаж байна.

ХҮН ХУДАЛДААЛАХ гэмт хэргээс урьдчилан

сэргийлэх агуулга бүхий богино хэмжээний

видео сурталчилгааны  уралдааны удирдамж

 

Хүн худалдаалах гэмт хэргээс тэмцэх, түүнээс урьдчилан

сэргийлэх агуулга бүхий өвөрмөц, шинэлэг, богино хэмжээний видео

сурталчилгааны бүтээл /шторк/ шалгаруулах уралдаан

Нэг. Үндэслэл

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор нийт уран бүтээлчдийн дунд богино хэмжээний видео сурталчилгааны бүтээлийн уралдаан зарлаж байна.

Хоёр. Зорилго

  • Уралдаанд бүтээл нь шалгарсан уран бүтээлчидтэй цаашид хамтран ажиллах
  • Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах;
  • Хүн худалдаалах /хөдөлмөрийн мөлжлөг, бэлгийн мөлжлөг, эрхтэний худалдаа/ гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлснээр энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;
  • Уралдаанд ирүүлсэн бүтээл нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд үлдэх ба шалгарсан бүтээлийг цаашид сургалт, сурталчилгаанд ашиглах.

Гурав. Уралдааны сэдэв

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх сэдвийн дор асуудал хөндсөн, баримтад тулгуурласан, олны анхаарлыг татсан, нийгмийн сэтгэл зүйд хүрч, гэмт хэргийг цаашид бууруулах, урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлсэн байна.

Дөрөв. Хамрах хүрээ

Иргэд, уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчид

Тав. Уралдааны ангилал

Олон нийтийн цахим сүлжээ, цахим хуудас, телевизээр цацаж болохуйц богино хэмжээний видео сурталчилгааны бүтээл  байна.

Зургаа. Бүтээлд тавигдах шаардлага

  • Уралдааны нэр, агуулгад нийцсэн байх
  • Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, бусдын нэр хүнд, хувийн нууцад халдахгүй, ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
  • Уралдаанд ирүүлж буй бүтээл нь телевиз, цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж олны хүртээл болсон байх, түүнийгээ баталгаажуулсан баримт бүхий хуулбар эсвэл эх хувийг хавсаргаж, линк, холбоосыг бичсэн байх
  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь 30 секундээс илүүгүй хугацаатай байх бөгөөд баруун доод буланд Хууль зүй, дотоод хэргийн яамны логог, зүүн доод буланд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нэрийг байршуулсан байх
  • Бүтээлийн эхэнд “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үзүүлж байна” гэж үзүүлэх
  • Бүтээлийн эхийг СД-ээр ирүүлэх
  • Шинэлэг сонирхолтой байх
  • Зохиогчийн болон оюуны өмчийн эрхийг хүндэтгэх
  • Бүтээл HD формат байх
  • Уралдаан нэг этгээд хэд хэдэн бүтээлээр оролцож болно.

Долоо. Хугацаа

Бүтээлийг 2017 оны 09 дугаар сарын 05 -ны өдрөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авна.

Найм. Шалгаруулалтын журам

  • Уралдааныг мэргэжлийн баг шүүн шалгаруулна.
  • Шалгаруулалтыг 2017 оны 09 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд хийж, дүнг 2017 оны 09 дугаар сарын 25-ны өдөр гаргаж, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн cccp.mn цахим хуудас болон Фэйсбүк хуудсанд байршуулна.

Ес. Шагналын сан

1-р байр 2 000 000 төгрөг

2-р байр 1 500 000 төгрөг

3-р байр 1 000 000 төгрөг

Жич: Бүтээл нь олон нийтийн цахим сүлжээнд байршсан, олонд таалагдсан, түгээгдсэн байвал давуу тал болно.

Арав. Бүтээлийг ирүүлэх

Бүтээлийг тайлбарын хамт Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ.

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын V байр, Худалдааны гудамж 6/1,  Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба. Утас: 51-265125