Түүхэн товчоон

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажлыг  удирдах зөвлөлийг аймаг, хотын намын хорооны дэргэд анх удаа 1965 онд байгуулж, улмаар 1974 онд Прокурорын байгууллагын харьяанд, 1987 онд тухайн үеийн МАХН-ын Төв хорооны дэргэд, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд, мөн онд Монгол Улсын Засгийн газрын дэргэд Шадар сайдаар ахлуулсан Зохицуулах зөвлөл ажиллаж байсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албыг  1995 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд, 1996 онд  Хууль зүйн сайдад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, бодлого зохицуулалтын ажлыг хариуцуулсантай холбогдуулан Нийгмийн дэг журмыг хангах зөвлөл, түүний Ажлын албыг тухайн үеийн Хууль зүйн яамны харьяанд байгуулж, 1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг  баталсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 06 дугаар зарлигаар Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг  тус тус батлан, 2001, 2004, 2005 онд бүрэлдэхүүнд тус тус өөрчлөлт оруулж байжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 1996-2012 онд ажиллаж байсан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний Ажлын албыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулж байсныг өөрчилж, тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 134 дүгээр зарлигаар шинэчилэн батлууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 5 бүлэг, 23 зүйлтэй, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, үндсэн чиглэл, төрөл, арга хэлбэр, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд уг хуулийн дагууулсын хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Зохицуулах зөвлөл, орон нутагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар  ахлуулсан орон тооны бус Зохицуулах зөвлөл тус тус ажиллаж байна.