Мэндчилгээ

Та бүхний амар амгаланг айлтгая.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь иргэдийнхээ айдас түгшүүргүй, амар тайван амьдралын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 9 сард шинэчлэн байгуулагдсан билээ.

Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажил бол гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хамгийн анхдагч, хамгийн үр дүнтэй, хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Тиймээс гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх, таслан зогсоох талаар цогц арга хэмжээ зохион байгуулах нь тун чухал.

Энэ үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, иргэд, олон нийтийн хүчинд түшиглэх, аж ахуйн нэгж, байгууллага бүр дотооддоо болон үйл ажиллагааныхаа хүрээнд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг арилгах ажлыг хариуцан зохион байгуулах зарчимд тулгуурлах ёстой.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн шүүх эрх мэдлийн болон хууль зүй, дотоод хэргийн салбарын үүрэг бус, бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг бөгөөд  энэ үйл ажиллагаанд онцлон анхаарч иргэдийн оролцоог аль болох нэмэгдүүлэх, хангах чиглэлээр анхаарч ажиллах цаг болсон байна.

Өнөөгийн нийгэмд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд та бүхнийхээ итгэл дэмжлэг, хүч оролцоотойгоор хамтран хийх нь илүү үр дүнтэй гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд та бүхэнтэйгээ хамтарч шинжлэх ухааны үндэстэй суурь судалгаа хийж, иргэдийнхээ эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх замаар гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийг тогтоож, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх болно. Аюулын харанга дэлдсэн гэмт хэрэг зөрчлөөс хамтдаа сэргийлж, амар тайван амьдралын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе !

Монгол улс маань тайван амгалан, монголчууд маань тэнүүн жаргалтай байх болтугай.

Хууль зүй, дотоод хэргийн сайд,

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ

зөвлөлийн дарга                                                           С.Бямбацогт