Гэр бүлийн хүчирхийлэл

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын Үндэсний чуулган нээж хэлсэн үг

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт Үндэсний чуулган нээж хэлсэн үг

Эрхэм хүндэт Хатагтай, Ноёд оо

Зочид төлөөлөгчид өө.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Улсын үндэс, удмын хэлхээ болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, зөвшилцөн санал солилцохоор та бид хуран цуглараад байна.

Айл бүрт аз жаргал гэрэлтэж, хүн бүр хүчирхийллээс ангид байж гэмээнэ улс амгалан, төр түвшин байх учиртай билээ.

Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд баталсан. Гэхдээ эрх зүйн зохицуулалт оновчтой бус, хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаа, тэдэнд үзүүлэх үйлчилгээг нарийвчлан зохицуулаагүй нь хуулийн хэрэгжилтэд нөлөөлж дорвитой үр дүнд хүрээгүй.

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1449 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2015 онтой харьцуулбал 93 хэргээр нэмэгдсэн гэсэн үг юм. Гэр бүлийн хүчирхийлэлд нийт 1357 иргэн өртсөнөөс  1217 хүн гэмтэж, 18 хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас мянга мянган хүний элэг зүрх эмтэрч, мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан амьдарч байна. Айл гэрийн ноён нуруу хугарч, авааль гэргийнх нь итгэлийн хана нурж байна.

Чухам тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам санаачлан Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү чуулганд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, Орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцож буй нь бидний хэлэлцэх асуудал илүү үр дүнтэй болох итгэлийг төрүүлж байна.

Та бүхэн Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчдод эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг бүхий л цогц үйлчилгээ үзүүлэх их үүрэг, их ачааг үүрсэн хүмүүс.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургууль, халамжийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэхээр хуульчилсан бөгөөд тухайн сум, хорооны Засаг дарга ахалж, нэгдсэн удирдлагаар хангах үүргийг хуулиар хүлээсэн байгаа.

Тиймээс Хамтарсан баг нь доорх хэдэн чиглэлд  гол анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна.

Амьдрал хайран дээр, бас аргадал ухаарал дээр тогтдог гэдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх амин сүнс нь олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил юм. Тиймээс энэ ажлыг зохион байгуулах, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг олж илрүүлэх, тэдэнд чиглэсэн хүн ёсны зөвлөгөө, ухаарал, урам дэм , ойлголцол хайрласан сургалт сурталчилгаа явуулах нь юу юунаас чухал байна. Алдахаас нь өмнө аминчилж хэлэх, сэвтэхээс нь өмнө сэхээрүүлж ойлгуулах шиг чухал зүйл үгүй билээ.

Хоёр биенд шингэсэн нэгэн сэтгэл болж, хосоор амьдрах хорвоод өргөө гэрийнхээ  тулах багана, үр хүүхдийнхээ түших нөмөр нь болчихоод болчимгүй гэмт үйлдэл, болгоомжгүй хатуу үгнээс болж амьдралаа үрэн таран хийчихгүй байхад нь тус дэм болох шиг буянтай үйлс үгүй.

Гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар “нүдэн балай чихэн дүлий” өнгөрдөг хуучин байдлыг халж, түүнийг мэдээлэх ёс зүйг олон нийтэд төлөвшүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн үүний хамт нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг идэвхтэй, цаг алдалгүй зохион байгуулж хэвшвэл зохино.

Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээх, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх чиглэлээр хаа хаанаа анхаарч ажиллах ёстой.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх  асуудал нь зөвхөн хуульд заасан чиг үүрэг бүхий байгууллагын ажил биш. Энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, цаашлаад иргэн  бүрийн оролцоо ус агаар шиг хэрэгтэй.

Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж байж, хүчирхийлэлтэй нийтээрээ тэмцэж байж л сая үр дүнд хүрнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд гэсгээл зэм зайлшгүй гэдгийг ойлгуулах нь хамгаас чухал. Бас эндэж алдсан нэгэнд үйлдлээ хянах, үгээ цэгнэх гэмшил ухаарал хайрлаж , гэр бүлээ жинхэнэ өрхийн тэргүүн, үрийн эцэг шиг  авч явах сэтгэлийн хүчийг бэлэглэх нь хамгаас үнэ цэнэтэй.

Ганц баганатай гэр салхи шуурганд хэврэгийн адил, өрх гэрийнхээ хос багана болсон эр эм хоёр өвөр зуураа эв зохицолгүй бол зохиосон амьдрал зовлонгийн үүр болдгийг хэн хэн нь санаж, аливаад ууч бодол, уужим сэтгэлээр хандах нь зохистой гэдгийг залуу дүү нартаа захиж хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Гэр бүлийн хүчирхийллийн  суурь шалтгаантай тэмцэхэд боловсрол, соёлын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал. Бага балчираасаа хүчирхийллээс ангид байж, хайр энхрийлэл, халамж анхаарал дунд өссөн хүүхэд хожим нь том болоод өрөөл бусдыг өгөөмөр нинжин сэтгэлээр хайрлах нь дамжиггүй. Ийм иргэдтэй болоход эцэг эхийн үлгэр дуурайл, сургууль соёлын үр нөлөө асар их гэдгийг хэн хүнгүй ойлгож ажиллах хэрэгтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирогсдод  эрүүл мэндийн төдийгүй сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хамгаас чухал. Тиймээс биеийг нь эмчлэхийн зэрэгцээ эмтэрсэн сэтгэлийг нь эмнэн засах ажилд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, тэдгээрт ажиллагсад чухал үүрэгтэй.

Түүнээс гадна хууль зүйн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий холбогдох төрийн байгууллага, мөн хамгаалах байраар болон бусад хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, эдгээр байгууллагыг холбосон мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурлан цаашдын үйл ажиллагааныхаа талаар шийдвэр гаргаж байх нь нэн  чухал байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах, хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид зохих  ял, шийтгэл хүлээлгэх эрх зүйн механизмыг бүрэн ашиглаж ажиллавал зохино.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэсэн ч энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хуулийн үзэл баримтлал, зүйл заалт бүрийг нэг мөр ойлгох асуудал учир дутагдалтай байна. Нөхцөл байдал бүрт тохирсон арга хэмжээг авч хариуцлага тооцох явдал ч  зарим талаар хангалтгүй байна. Хууль батлагдлаа гээд санаа амарч болохгүй. Хэчнээн сайн хууль байлаа ч хэрэгжүүлэх ажил цалгар назгай орхигдвол хүчирхийллийн “мөсөн уул” хайлахгүй ээ..

Иймээс хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авах, хуулийн хэрэгжилтийг хангахад үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тал дээр Та бүхэн илүү их идэвх санаачилгатай  ажиллана гэдэгт найдаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь тодорхой нэг үүссэн асуудлыг шийдвэрлэх төдийгүй нийгмийн үндэс болсон гэр бүл, хойч ирээдүй болсон үр хүүхдийн эрх, ашиг сонирхлыг баталгаатай хамгаалах нийгэм-эрх зүйн цогц арга хэмжээ гэдгийг дор бүрнээ ухамсарлан ажиллах ёстой болохыг онцлон тэмдэглэж байна.

Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, санаа бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэхийг хүсэхийн ялдамд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Гэр бүл бүхэн аз жаргалтай байж, хүчирхийллийн хүйтэн жавар эгнэгт арилах болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Related posts

Шинэ сургалтын хөтөлбөр, гарын авлага хэвлэгдэн гарлаа

Amaraa Chuluun

Шторкны уралдааны 2-р байр – Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

admin admin

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗАРЛАЖ БАЙНА

Amaraa Chuluun

Leave a Comment